
Феминизм (латин.femina — «эмэгтэй хүн»,англи.Feminism,франц.Féminisme)эмэгтэй хүмүүсийн улс төр, эдийн засаг, хувийн амьдрал, нийгэм дэх эрхийгэрэгтэй хүнийхтэй адилтгах зорилготой нийгэм, улс төрийн болон үзэл баримтлалын хөдөлгөөн юм. Феминист үзэл нь орчин үеийн нийгэм нь эрэгтэйчүүдийн үзэл бодлыг илүүд үздэг “патриархат” буюу эрэгтэй давамгай нийгэм хэмээн үздэг бөгөөд эмэгтэйчүүдтэй шударга бус байдлаар харьцдаг гэж үздэг. Үүнийг өөрчлөхийн тулд хүйсийн тухай тогтсон хэвшмэл ойлголттой тэмцэх, эмэгтэйчүүдэд боловсрол эзэмших, мэргэжилтэй болох, харилцаа холбоо, амьдралын чанар зэргээр эрх тэгш боломж олгох чиглэлд ажилладаг.
Феминизм нь анх 18-р зууны сүүл үеийн Европт үүссэн гэж үздэг.Мэри Уолстоункрафт 1792 онд хэвлүүлсэн "Эмэгтэй хүний эрхийн баталгаа" (англи.A Vindication of the Rights of Woman) хэмээх номдоо анги болон хувийн өмч нь эмэгтэйчүүдийг ялгаварлан гадуурхах үндэс болдог, мөн эмэгтэйчүүд эрчүүдтэй адил тэгш эрхтэй байх ёстой гэж дурдсан тул олон хүн түүнийгфеминизмийг үндэслэгч гэж үздэг. Улмаар эмэгтэйчүүдийн сонгох эрх, улс төрийн албан тушаалд өрсөлдөх, ажиллах, ижил цалин авах, эд хөрөнгө өмчлөх, боловсрол эзэмших, гэрээ байгуулах, гэрлэлтийн эрх тэгш байдал, жирэмсний амралт авах зэрэг эрхийн төлөө тэмцсээр ирсэн. Мөн жирэмслэлтийг тасалж үр хөндөлт хийх, нийгэмд тэгш оролцох боломжийг хангах, эмэгтэйчүүд ба охидын хүчирхийлэл, бэлгийн дарамт, гэр бүлийн хүчирхийллээс хамгаалах тал дээр ч идэвхтэй ажилладаг. Үүнээс гадна эмэгтэйчүүдийн хувцаслалтын стандарт болон спорт, биеийн хөдөлгөөнд оролцох боломжийг өөрчлөхийг зорьсон.
Олон эрдэмтдийн үзэж байгаагаар феминист хөдөлгөөнүүд нь эмэгтэйчүүдийн эрхийг олж авахад маш чухал үүрэг гүйцэтгэсэн бөгөөд ялангуяа өрнөдийн орнуудад эмэгтэйчүүдийн сонгуулийн эрх, гэрээ байгуулах, эд хөрөнгө өмчлөх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрх (жирэмслэлтээс хамгаалах хэрэгсэл, үр хөндөлт зэрэг), хүйс төвийг сахисан хэлний хэрэглээ зэрэг түүхэн өөрчлөлтүүдэд гол нөлөө үзүүлсэн гэж үздэг.
Монгол Улс 1924 онд баталсан анхдугаар Үндсэн хуулиараа эрэгтэй, эмэгтэй хүний тэгш эрхийг хүлээн зөвшөөрч, эмэгтэйчүүдэд сонгох, сонгогдох эрхийг олгосон. Энэ нь Ази тивдээ анхдагч болсон түүхэн үйл явдал юм. Эмэгтэйчүүдийн эрх ашгийг хамгаалах зорилго бүхий анхны ТББ болох “Монголын Эмэгтэйчүүдийн Холбоо” мөн 1924 онд байгуулагдсан юм. Манай улс түүхэн ололт амжилтаараа бахархах ёстой ч улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоо хангалттай түвшинд хүрээгүйг судалгаа харуулдаг. Монгол Улсын “Улс төрийн намын тухай хуулийн шинэчилсэн найруулга”, “УИХ-ын сонгуулийн тухай хуулийн нэмэлт өөрчлөлт”-ийг 2024 онд баталсан. Ингэснээр сүүлийн 8 удаагийн УИХ-ын сонгуулиар сонгогдсон 608 гишүүнээс ердөө 60 нь буюу 10% нь эмэгтэйчүүд байсан бол 2024 оны ээлжит сонгуулиар 32 эмэгтэй гишүүн сонгогдон, нийт төлөөллийн 25% бүрдүүлсэн юм. Ингэснээр Ази тивдээ парламент дахь эмэгтэйчүүдийн оролцоог тэргүүлэх хэмжээнд хүргэсэн орон болсон юм. Дээр дурдсан хуульд намууд нэр дэвшигчийнхээ 40-өөс доошгүй хувийг 2028 оноос эхлэн нэг хүйсийн төлөөлөл байхаар хуульчилсан.
НҮБ-тай хамтран анх удаагаа “Дэлхийн эмэгтэйчүүдийн форум” олон улсын өндөр дээд түвшний үйл ажиллагааг Улаанбаатар хотноо 2024 онд зохион байгуулсан.